Анимэ (Япон: アニメ) — гэдэг нь англи хэлний Animation гэсэн үгийг япончилсон үг бөгөөд ямар ч төрлийн хүүхэлдэйн киног зохиол, зураглал, хийсэн улсыг үл харгалзан Япондоо "Анимэ" гэж нэрлэдэг. Харин Японоос бусад улсад зөвхөн япон хүүхэлдэйн киног анимэ гэдэг учраас жаахан ойлголтын зөрөө үүсдэг тал бий. Гэвч энэ нь Монгол хэлний "хүүхэлдэйн кино" гэх утга мөн юм

Анимэ

Анимэг ихэвчлэн Японы зурагт ном (манга), Visual Novel-оос сэдэвлэн бүтээдэг бөгөөд Light Novel, ном зохиол, киноноос ч сэдэвлэн бүтээх нь бий. Нэгэнт үзэгчдийн дийлэнх өсвөр үе, залуучууд байдаг утгаараа энэ нь Япондоо нэлээн том бизнес юм. Хүн ам их суурьшиж, анимэ дэлгэрсэн Америк, Европын улсуудад ч мөн ашигтай бизнес билээ.

Анимэ гэх үг баруунаас гаралтай нь гарцаагүй бөгөөд яг хаанаас вэ гэдэг нь заримдаа маргаан болох нь бий.

1. Анимэ гэдэг нь Англи хэлний Animation буюу хүүхэлдэйн кино гэсэн үгийн япончилсон хэлбэр.
2. Анимэ гэдэг нь Франц хэлний хүүхэлдэйн кино гэх утгыг илэрхийлэх "dessin anime" гэдэг үгээс гаралтай гэсэн хоёр таамаг фэнүүдийн дунд байдаг.

Яагаад 2 дахь таамаг гарч ирсэн бэ гэхээр дэлгэцийн animation буюу хүүхэлдэйн кино хамгийн анх Францад үүссэн, мөн анимэ хөгжлийн ид үе болох 1970-аад оны дунд үеэс 1980-аад оны сүүл хүртэл Францад анимэ их дэлгэрч байсан ба Франц, Япон хамтран анимэ хийж байсан ч үе бий. Тиймээс тэр үеийн олон анимэ Европ хүүхэлдэйн киноны хэв маягаар хийгдсэн байдаг билээ. Үнэндээ анимэг Япондоо アニメーション (Дуудлага: анимээшон) гэж ярьж бичдэг ба Франц хэлбэрээр нь ашигладаггүй, Франц Япон хамтарч ажиллахаас ч өмнө анимэ байсан гэдгээр нь энэ үгийн гарал Animation гэх үгээс гаралтай гэж ойлгож явбал зөв юм.

Анимэ гэдэг үгийг баруунаас хуулсан гэдэг нь гарцаагүй ч Анимэг өөрийг нь баруунаас хуулсан гэж ойлгож болохгүй юм.

Анимэ 1900-аад оны эхэн үеэс үүсэлтэй бөгөөд хамгийн анхны анимэ нь 1907 онд гарсан "Кацудо Шашин" буюу "Хөдөлгөөнт Зураг" гэдэг нэртэй 4 секунд үргэлжилдэг анимэ юм. Хамгийн анх хийгдсэн япон animation "Кацудо Шашин" боловч, хамгийн анх хүмүүст үзүүлсэн анимэ биш юм. Хамгийн анх хүмүүст ил гаргаж үзүүлсэн анимэ бол 1917 онд хийгдсэн "Имокава Мүкүзо, Гэнканбан но Маки" буюу "Хаалгач Имокава Мүкүзо" гэдэг нэртэй 5 минут үргэлжилдэг анимэ юм. Энэ анимэ одоогоор бүтнээрээ хаанаас ч олдоогүй байгаа бөгөөд устаж үрэгдсэн хэмээн тооцдог байна.

Эхэн үеийн анимэ ихэвчлэн 3 аас 10 минутын хэмжээтэй богино байсан ба бага насны хүүхдүүдэд чиглэгдэн хийгддэг байжээ. Зураглалын хувьд уламжлал манга хэлбэрийн зураглалтай байсан байна. (Уламжлалт манга бол орчин үеийн манга гэж нэрлэгдээд байгаа Япон комикуудаас тэс өөр.) Зохиолын хувьд ихэнх нь янз бүрийн үлгэрээс сэдэвлэсэн байдаг байв. 1942 оны Олимпын үед үндэсний спортын тухай анимэ гарч байжээ. Харин яг Дэлхийн Хоёрдугаар Дайны үед Японы Эзэн Хаан бүх гарч байсан анимэг зогсоож зөвхөн цэргийн үзэл суртал тараах зорилгоор ашиглах зарлиг буулгасан байна. Тэр үеийн анимэд Америкчуудыг муу хүмүүс хэмээн сурталчилж, бүр нэгэн анимэд Pearl Harbor-луу довтолсон үеийн бодит зураг ашигласан анимэ хүртэл гарчээ. Өөр ямар ч улс тухайн үед хүүхэлдэйн кинондоо дайны бодит зураг оруулаагүй билээ. Дайн Япон улсын ялагдлаар дуусаж анимэ ертөнц нэг хэсэг уналтад орсон боловч тэр нь удаан үргэлжлээгүй. Харин ч хойчийн хөгжилд Америк хүүхэлдэйн кинонууд нөлөөлсөн юм. Үүний нэг жишээ нь та бидний сайн мэдэх Том Жерри хоёр хүүхэлдэйн кино 1965 онд Японд гарч эхэлсэн ба Япончуудын дунд хамгийн дуртай анимэнүүдийнх нь нэг болсон. Мөн 1960-аад оны үеэр Осаму Тэзука гэх хүн Уолт Дисней хүүхэлдэйн киноны зураглал хэв маягаас санаа авч өөрийн мангагаа хийх болсон ба энэ нь орчин үеийн анимэ, манга хэв маягийн үндсийг тавьсан юм. Тиймээс түүнийг "Мангагийн Бурхан" гэж хүндэтгэдэг билээ.

1970-аад оны эхэн үеэс анимэ дэлхий нийтээр дэлгэрч эхэлсэн байна. Үүнд баруунд дэлгэрч эхэлж байсан кабелийн телевизүүдийн үүрэг их юм. Тухайн үеийн анимэ аль хэдийн өсвөр үеийнхэнд чиглэгдэн хийгдээд эхэлсэн байсан учраас барууныхныг татаж чаджээ. Мэдээж барууныхан цензур өндөртэй байдаг учраас дэндүү хэрцгий, барууны өсвөр насныханд үзүүлж болохгүй хэсгийг хасаж гаргах эсвэл бүр зохиолыг нь дахиж бичиж гаргадаг байсан байна. Учир нь тэр үед гарч байсан барууны хүүхэлдэйн кинонуудад тийм зүйл байгаагүй гэж хэлж болно. 1970-аад оны анимэ хэв маягийг тодорхойлж байсан хүн бол Нагай Го хэмээх уран бүтээлийн нэрээрээ алдаршсан Нагай Киёоши гэх хүн юм. Хувирдаг нэгддэг роботууд энэ үед л эхлэл нь тавигдаж байлаа. Мөн 1970-аад оны сүүлээс эхлэн Сансар огторгуйн эрин эхэлж байгаа юм.

1970-аад оны дунд үеэс эхлэн Франц улсад анимэ алдаршиж, Франц Японы хамтрах эх үүсвэр тавигджээ. Үүний ачаар 1980-аад оны маш олон анимэ Европ хэв маягтай хийгдсэн байна. 1990-ээд онд ч гэсэн Европ хүүхэлдэйн киноны хэв маягаар анимэ хийгдэж байсан.

Европ хэв маягаар хийгдсэн анимэг Америкчууд үзээд Европ хүүхэлдэйн кино байна гэж боддог байжээ.


Технологи хурдтай хөгжиж байх 1980-аад онд анимэ тухайн үеийн шинэ технологи ашиглаж илүү нарийн детальчилж хийгдэж эхэлсэн байна. Жишээ нь: Тулаант анимэгийн тулааныг илүү нарийн гаргах, Роботтой анимэд эд ангийг нь илүү нарийвчилж харуулах гэх мэт.

Гэвч 1980-аад оны дундуур Япончууд анимэгээс олох орлого буурч, үүнийг яаж шийдэх вэ? гэж тархиа гашилгах цаг иржээ. Тэр үеийн барууны хүүхэлдэйн кинонууд огцом сайжирч ирсэн үе ч бас тохиох нь тэр. Олон ч анимэ студи хаагдаж мэргэжилтнүүд нь гадаадын хүүхэлдэйн киноны студид ажиллаж амжилтанд хүрч байв. Энэ үед OVA (Original Video Animation) болон дүрүүдийн баримал (figure) зарж мөнгө олох аргыг сэдэж тэр нь ч амжилтад хүрчээ. OVA нь телевизээр гаралгүй шууд VCD, Дүрс бичлэгийн хуурцгаар (VHS) гардаг байсан бөгөөд телевизээр гарж буй анимэнүүдээс дуу, бичлэгийн хувьд илүү чанартай байсан учраас хүмүүс ихээр худалдаж болон прокаталж авж үздэг байжээ.

Мөн тэр үед бүрэн хэмжээний анимэ хийх ихэсч Акира (Akira), Салхит Хөндийн Наушикаа (Nausicaa of the Valley of the Wind), Хөл Нүцгэн Гэн (Barefoot Gen)-ээс авхуулаад шинэ шинэ бүрэн хэмжээтүүд их гарах болов.

1985 онд анимэ ертөнцөд өөрийн өвөрмөц зураглал, уран зөгнөлт зохиол, сонирхолтой өрнөлөөрөө бусдыг татаж чадсан Жибли (Ghibli) студи нээгдэж Анимэгийн түүхэнд нэрээ мөнхөлсөн юм. Гибли студийг Мияазаки Хаяао гэдэг хүнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Түүний бүтээсэн анимэ гарцаагүй сонгодгуудын тоонд ордог юм.


1990-2000-аад оны дунд үе бол онцгой хүчтэй тулаант анимэгийн жил гэж хэлж болно. Dragon Ball Z, Dragon Ball GT, Наруто (Naruto), Уан Пийс (One Piece), Хантэр Экс Хантэр (Hunter x Hunter) гэх мэт анимэ энэ онуудад ихээр гарч байв.

2006, 2007 оныг анимэгийн алтан үе гэж зарим хүмүүс нэрлэдэг. Яагаад гэвэл Code Geass, Black Lagoon, Death Note, Gurren Lagann гэх мэт сайн сайн анимэ олноор нэг дор гарч байсан юм.

Харин 2008 оноос өдийг хүртэлх үеийг анимэгийн уналтын үе гэж фэнүүд нэрлэдэг. Учир нь зохиол өрнөлдөө бага анхаарч зураглал дизайныг голчилж хийж байгаа нь фэнүүдийн урмыг гонсойлгож байгаа юм.

Анимэгийн ангилал, төрлүүд

засварлах

Анимэ бол кино урлагийн нэгэн салбар гэдэг утгаараа киноны төрлүүд болох Тулаант (Action), Инээдмийн (Comedy), Хайр дурлалын (Romance), Шинжлэх ухааны (Sci-Fi), Уран зөгнөлт (Fantasy), Адал явдалт (Adventure), Аймшгийн (Horror), Түүхэн (History), Эмгэнэлт (Tragedy), Спортын (Sports), Ид шидийн (Magic), Цэргийн (Military), Хөгжмийн (Music), Нууцлаг (Mystery), Элэглэл (Parody), Сүйрлийн дараах (Post-Apocalyptic), Сэтгэл зүйн (Psychological)... гэх мэт төрлүүд бүгд байна. Мөн зөвхөн анимэ "Мангад" зориулсан төрөл гэж байдаг.

Аль насны үзэгчдэд голчилсноор нь: Шоонэн (хөвгүүдийн), Сэйнэн (залуусын), Кодомо (багачуудын), Шоожо (охидын), Жосэй (эмэгтэйчүүдийн), Мина (бүх насны). Энэ бол насны ангилал биш, ерөнхийдөө ямар үзэгчдэд хандуулж хийснийг илэрхийлэх төрөл юм.

Ямар зүйлс гардгаар нь: Мэка (Робот), Хэнтай (Насанд хүрэгчдийн анимэ), Эччи (Шалиг талдаа), Харэм (Нэг залууд олон охин дурлах), Шоүжо Ай (Охид бие биедээ хайртай болох), Шоүнэн Ай (Хөвгүүд бие биедээ хайртай болох), Яаой, Юүри гэсэн төрлүүдтэй.

Хэнтай нь хэдий насанд хүрэгчдэд зориулсан хэдий ч энэ нь өөрийн гэсэн зохиол, сонирхолтой үйл явдалтай бөгөөд зөвхөн завхайрлаас өөр зүйл гардаггүй порно буюу садар самуунтай зүйрлэх нь учир дутагдалтай юм. Ерөнхийдөө Порнографик гэж явдаг.

Харин Шоүнэн гэдэг үгийг орчуулбал хөвгүүн гэсэн утгатай боловч Fullmetal Alchemist анимэ шоүнэн ангиллынх ч гэсэн маш олон аллага гардаг учраас 17 оос дээш насныхан үзэх эрхтэй гэсэн байдаг.

Насны ангилал

засварлах

Бүх төрлийн кино, хүүхэлдэйн кино, телевизийн нэвтрүүлэг, тэр бүү хэл тоглоом хүртэл насны ангилалтай байдаг. Тиймээс анимэд ч бас эдгээр насны ангилал хамаарна.

Насны ангиллаар ерөнхийд нь бүх насныхан, 13-17, 17-оос дээш, насанд хүрэгчдэд гэж ангилна. Улс бүр өөрийн хуулиас хамаарч насны ангиллын нэршил, хязгаарлах нас нь өөр байдаг.

Жишээ нь:

Америкт G - бүх нас, PG (Parential Guidence буюу ангиллын нас нь хүрээгүй бол эцэг эх нь хянана) - 13-аас дээш, PG-13 - 13-аас дээш , R (Restricted буюу ангиллын нас хүрээгүй бол эцэг эх нь хязгаарлана) - 17-оос дээш, NC-17/Rx (No Children буюу насанд хүрээгүй хүн үзэж огт болохгүй) - насанд хүрэгчдэд гэж ангилдаг. R ангилалтай анимэг тухайн наснаас доош насныхан үзэхийг шууд хориглодог. Харин PG бол аав ээжээсээ зөвшөөрөл аваад үзэж болдог.

Японд G - бүх нас, PG-12 - 12-оос дээш, R15+ - 15-аас дээш, R18+ - 18-аас дээш нас. Үсгийн утга Америкийнхтай ижил.

Орост У - бүх нас, 6+, 12+, 14+, 16+, 18+ гэж ангилдаг байна.

Монгол улсад хараахан ТВ-ийн нэвтрүүлэг кино үзэхэд зориулсан ийм ангилал хуулиар зохицуулсан эсэх нь тодорхойгүй байна. Харин Монгол улсын хуулиар 0-16 хүртэлх насны хүнийг хүүхэд, 16-18 насны хүнийг Монгол улсын харьяат, 18-аас дээш насны хүнийг Монгол улсын иргэн гэдэг ангилал бий.

Америкийн насны ангиллын систем интернэтэд илүү тархсан ба жишээлбэл http://myanimelist.net сайтад байгаа бүх анимэ Америкийнхаар ангилагдсан.

Жишээ нь: Наруто Шиппүүдэн http://myanimelist.net/anime/1735/Naruto:_Shippuuden гэхэд PG-13 ангиллынх. Хэрвээ 13-аас доош настай хүн үзэхээр бол аав ээжийнхаа зөвшөөрөл авах ёстой гэсэн үг. Энэ нь Япон улсынхаар PG-12 ангилал ба 12 нас хүрээгүй бол аав ээжээсээ зөвшөөрөл авж байж үзнэ гэсэн үг юм.

Онцлог шинж

засварлах

Улс болгоны хүүхэлдэйн кино өөр өөрийн онцлогтой байдаг ба Япон хүүхэлдэйн кино болох анимэ ч бас өөрийн гэсэн онцлогтой билээ.

Жишээлбэл: том нүд, жижиг ам, илүү их деталчилж хийх, зохиолын хувьд илүү өсвөр үе, залуус руу чиглэсэн гэх мэт.

Эхэн үеийн анимэ уламжлалт манга зураглалтай байсан бол, 1960-1970-аад оны анимэ Тэзука Осамугийн хэв маягаар, 1970-1980-аад оны анимэ Европ хүүхэлдэйн киноны хэв маягаар, 1990-2000-аад оны дунд хүртэл анимэ эдгээрээс уламжлан гарсан Япон хэв маягаар, 2000-аад оны сүүл үеэс одоог хүртэлх анимэ ихэвчлэн моэ (Япон хэв маягуудын нэг) хэлбэртэй хийгдэх болсон.

Эдгээр шинжээр нь ихэнх анимэг шууд хараад л барууны хүүхэлдэйн киноноос ялгахад амархан байдаг билээ. Гэвч олон анимэ дээр дурдсан онцлогийг агуулаагүй байх нь бий.

Мөн баруунд ихэнх хүүхэлдэйн киног хүүхдүүд рүү чиглүүлж хийдэг бол Японд ихэнх анимэг өсвөр үе, залуучуудад чиглүүлж хийдэг юм. Үүгээрээ анимэ үзэгчид анимэг өөр гэж бусдад итгүүлэхийн тулд "хүүхэд үздэг зүйл биш" гэх мэт үгс гарч ирдэг байна.

Анимэтэй холбоотой бизнес

засварлах

Анимэ бол ашигтай бизнес учраас анимэ бүтээгчид хүмүүсээс мөнгө салгах бүхий л аргыг хэрэглэж ирсэн нь анимэтэй холбоотой эд зүйлс зарах арга юм. Анимэг хийсэн байгууллагаасаа зарж байгаа оригинал баримал, жижиг хэрэгслийг нэлээн чанартай хийдэг учраас хүмүүс ч авах дуртай байдаг юм. Тэдгээрийг дурдваас:

Телевизээр анимэ тараах эрх: Японы ихэнх телевизүүд анимэ гаргахдаа албан ёсны эрхийг нь худалдаж авч байж гаргадаг.

Интернэтээр анимэ тараах эрх: Анимэгийн нэг ангийг тухай анимэг хийсэн байгууллага тодорхой үнээр үнэлж, интернэтээр тараах эрх өгдөг.

DVD, Bluray - Анимэ фэнүүд анимэг цуглуулах дуртай байдаг бөгөөд тэр сонирхлыг нь мэддэг анимэ хийгчид юу гэж зүгээр суух билээ. Оригинал DVD, Bluray-ийг анимэ фэнүүд ч маш ихээр худалдаж авдаг.

Баримал (Figure) - Анимэ дээр гардаг баатруудын баримал, янз бүрийн хэлбэр, зогсолттойгоор хийдэг учраас цуглуулагчид нэг бүрчлэн авдаг.

Хувцас, зэвсэг хэрэглэл - Анимэ дээр гардаг баатруудын хэрэглэдэг хувцас зэвсэг хэрэглэл гэх мэт

Зурагт хуудас, Календар - Рок шүтдэг хүмүүс дуртай хамтлагийнхаа зургийг ханандаа наасан байдаг бол анимэ фэнүүд ч бас дуртай анимэгийнхаа зурагт хуудсыг ханандаа нааж гайхуулах дуртай.

Анимэгээс салбарласан компьютер, видео тоглоом - Анимэгээс салбарлан, анимэгийнхээ үйл явдлаар тоглоом хийж зарах нь бас бий.

Анимэг ганц Японоор зогсохгүй бусад олон оронд үздэг учраас Япончууд гадаадуудтай гэрээгээр анимэ борлуулах эрх өгдөг. Америкт анимэ тараах эрхтэй Funimation, Crunchyroll, Warner Brothers гэх мэт компаниуд, Cartoon Network, Nickelodeon, 4kids гэх мэт телевизүүд бий.

Онцлох анимэ студи

засварлах

Хамгийн онцлох анимэ студи бол яах аргагүй Жибли (Ghibli - Япон дуудлага Жибүри) студи. Тэдний хийсэн бүх л бүтээлүүд онцлох сайн анимэ болж чаддаг нь тэдний алдарт хүрсэн шалтгаан. Хүмүүсийн сэтгэлд нийцсэн сайн анимэг дурдвал Салхит Хөндийн Наушикаа (Nausicaa of the Valley of the Wind) /1984/, Тэнгэр дэх цайз Лапута (Laputa: Castle in the Sky) /1986/, Гэрэлт Цохын Булш (Grave of the Fireflies) /1988/, Миний Хөрш Тоторо (My Neighbor Totoro)/1988/, Кикигийн Хүргэлтийн Үйлчилгээ (Kiki's Delivery Service) /1989/, Зүрхний шивнээ (Whisper of the heart) /1995/, Мононокэ Гүнж (Princess Mononoke) /1997/, Spirited Away /2001/ (янз бүрээр орчуулдаг Монгол нэрийг тавьсангүй), Муур Эргэж Ирсэн нь (The Cat Returns) /2002/, Хөүлын Явдаг Цайз (Howl`s Moving Castle) /2004/

Одоогоор хийгээд байгаа хамгийн сүүлийн бүтээл нь Салхи Ширүүсэхэд (Wind Rises) /2013/ гэдэг бүтээл байна.

Дээрээс нь Madhouse, Toei Animation, TMS Entertainment, Nippon Animation, Production I.G., P.A.Works, Studio Pierrot, Bones, Sunrise, Gainax, Kyoto Animation, A-1 Pictures, Wit Studio, MAPPA студиуд онцлох студи яах аргагүй мөн юм.

Фэнсаб гэдэг нь Fan Subtitle гэсэн хоёр үгийн нийлц ба фэнүүд фэнүүддээ зориулан бичгэн орчуулга хийхийг хэлж байгаа юм. Үүнд дан ганц анимэ ч орохгүй, бүхий л төрлийн видео бичлэг орно. Фэнсаб гэдэг нь наанаа мэргэжлийн бус гэсэн утга агуулж байгаа юм шиг боловч үнэндээ фэнүүд муу хийдэг гэсэн үг биш. Мэдээж энэ нь анимэ хийдэг төв компаниас зөвшөөрөл авч хийгээгүй, зөвшөөрөлгүй тарааж байна гэдэг утгаараа хууль бус юм.

Та ямар нэгэн анимэны DVD худалдаж авлаа гэхэд үүн дотор байх англи зурган болон бичгэн орчуулга бол мэргэжлийн буюу цаанаас нь зөвшөөрөгдсөн компаний орчуулга байна. Гэтэл фэнсаб багийн орчуулга тэрнээс илүү ойлгомжтой, илүү үзэмжтэй сонирхол татахуйц байж болно, үгүй ч байж болно. Ялангуяа монголын хувьд мэргэжлийн түвшинд хийгдсэн фэнсаб орчуулга олно гэдэг өдрийн од мэт хэцүү ч хэд хэдэн чанартай фэнсаб баг байдаг.

Монголд анимэ орчуулгын сайт

засварлах

1. MNFansubs

2. Animax

3. Anikod



Гадаад холбоос

засварлах