Jump to content

Хожуу Түрэгийн хаант улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Түрэг улс
𐱅𐰇𐰼𐰰:𐰃𐰠
Türük el
НийслэлӨтүкэн
Албан ёсны хэлТүрэг
682-744 он
• Хожуу Түрэг улс байгуулагдав
682 оны 7 сар
• Хаант улсыг Уйгур улс устгасан
745 оны 1 сар

Хожуу Түрэгийн хаант улс (682-744/745) бол Зүүн Түрэгийн хаант улсын сэргэн мандалт байсан юм. 679 оноос түрэгийн ашидэ ургийн язгууртнууд ээлж дараалан Тан улсын босч хоёр ч хаантай болж тэмцэлдсэн ч дотоодын зөрчлөөсөө болж дарагдаж байв. 682 онд Сэли хааны үеийн Тули ханы удмын Кутлук 17 (27) шадрын хамт бослого гаргаж Иньшань уланд хоргодож Тан улстай тэмцэж эхлэв. 683 онд түүнтэй ашидэ ургийн Тоньюкук нэгдэж хүний тоо 5 мянгад хүрч бэсрэг улс байгуулжээ. Кутлук, Тоньюкук хоёр 689 он хүртэл говийн өмнө нутаглаж байгаад 690 онд Монгол оронд нүүж ирээд улс гэрээ тохинуулжээ. Энэ үед Эртний Түрэг бичиг Согд бичгийг сольсон. Түрэгийн хожуу хаант улс Капаган Бэгчор (Мочжо) хааны үед газар нутгаа хамгийн их тэлжээ. Түрэгүүд энэ цагт өрнө зүгт одоогийн Тажикистанын нутагт байдаг Төмөр хаалга, дорно зүгт Хянган, умар зүгт Сэлэнгийн дунд биеэс өмнө зүгийн Цагаан хэрэм хүртэлх нутгийг эзлэн суух болжээ.

Нангиадын эсрэг тэмцэл

[засварлах | кодоор засварлах]

Сеяньто Тан улстай эвсэж Зүүн Түрэгийн хаант улсыг мөхөөсний дараа түрэг угсаатны ихэнх нь Ордосын орчимд суурьшжээ. Түрэгүүдийн бослогын дараа Сеяньтотой хамт туркуудыг буфер болгон ашиглах Тан улсын төлөвлөгөө бүтэлгүйтэв. Улмаар Тан улс Уйгуртай нэгдэн Сеяньтог устгав. Тан улсын харьяанд яг тавин жил оршсон түрэгүүд 679 оны 11-р сард эхний бослогоо дэгдээж Ашина Нишуфу (泥熟匐 < ne-źuk-bäk < *Nejuk bek)-г хаан өргөмжлөөд Тан улстай тулалджээ. Эхэндээ амжилт олж байсан ч 680 оны 4-р сард Тан улс 3 буман цэргээр анхдугаар бослогыг дарав. 681 оны 1-р сард Ашидэ-вэньфу овог тэргүүт Түрэг дахин босч, Сэли хааны үеэлийн хүү Сячжоугийн түрэг Фунянь (伏念 < biuk-nen < *Begler)-ийг хаанд өргөмжлөв. Тан улс цэрэг илгээсэн ч эхлээд ялагдсан тул эхний бослогыг дарсан Пэй Синцзянийг дахин илгээж 681 оны 11 сар гэхэд бослогыг дарж Фунянь хаан, Вэньфу нарын 54 хүнийг 18-ний өдөр Чананий зээлийн гол гудамжинд цаазалжээ.

Үндэсний тусгаар тогтнолоо сэргээнэ

[засварлах | кодоор засварлах]

682 оны 7-р сард Юньчжуний түрэгийн Шэли-тули овгийн тэргүүн Гудолу үймээн дэгдээж Ланьчжоу (Шаньси, Ланьсянь) тойргийн Ван Дэмаотай байлдаж алаад Иньшань руу гарав. 683 оны 1-р сараас Кутлук Хэйшачэн хотод суух болов. Кутлукийн толгойлсон түрэг босогчид Тан улстай 682-689 оны хооронд 24 удаа их бага хэмжээгээр зэвсэг зөрүүлсэнээс 685 оны Синьчжоу, 686 оны Лянцзин, 687 оны хоёр ч тулалдаанд тус бүр олон тооны цэргээр байлджээ. Үүнээс 687 оны 7-р сард Хуанхуадуй-д Тангийн цэрэг түрэгийг ялсан бол Говийн ард 687.11.17-нд болсон тулалдаанд түрэгүүд Тангийн шилдэг 13 мянган цэргийг хиар цохьжээ. 689-690 оны үед түрэгүүд Огузыг довтолж Монголын төв хэсгийг буцаан эзлэв. Кутлук төрийн голомтоо Монголд авчирчээ.

Хуягт турк цэрэг, Шорчук, Шинжаан, МЭ 8-р зуун.[1]

Луу жилийн долоон сард (692.8.18-9.15) Капаган 27 насандаа хаан суув. Тэр өрнө, дорно, умар зүгт Түргэш, Согд, Кидан, Кумоси, Байырку, Чик, Аз, Киргизийн эсрэг удаа дараа цэрэг мордуулж, Тангийн хилийн хэд хэдэн мужийг олонтоо уулгалан довтолжээ. Үүний үр дүнд Түрэгийн хожуу хаант улсын газар нутаг 711-714 оны үед хамгийн их тэлсэн байна. Түрэгийн хожуу хаант улс Капаган Бэгчор хааны (693-716 он) үед дорно зүгт Шар Ус голын эхээс өрнө зүгт Төмөр Хаалга хүртэл, өмнө зүгийн Яшил өгүз, Шантунгийн талаас умар зүгийн Көгмэн уул, Киргиз хүртэлх уудам нутгийг эзэрхийлэн захирч байв. Капаган үхсэний дараа түүний ургийг Билгэ, Күлтегин хоёр хядаж төрийн эрхийг авав. Билгэ хаан суусны дараа Тан улс Түрэгийг мөхөөхийг оролдож, Басмил, Карлук аймгуудтай нийлж хэдэн удаа довтолсон ч түрэгүүд тусгаар тогтнолоо хамгаалжээ. Хоёр тал хүч тэнцсэн тул гэрээ байгуулж 734 оныг хүртэл хоорондоо нэг их дайтсангүй.

Энэ үед Билгэ хаан Кумоси, Кидан, Карлукыг дайлж түшмэг улсаа болгов. Капаган хааныг залгамжилсан Билгэ хааны (716-734 он) үед Түрэгийн хожуу хаант улсад түүх-соёлын асар их үнэ цэнэтэй гэрэлт хөшөөдийг ихээр босгох болов. 732 онд Күлтегин, 734 онд Билгэ хаан үхсэний дараа 739 он хүртэл Түрэгийн төрд элдэв үймээн, самуун дэгдсэнгүй. Гэвч Дэнли хаан авга ахаа алсанаас болж Түрэгийн төр хямарч эхэлсэн ба хямрал, тэмцлийг Уйгур, Басмил, Карлукийн холбоо улам дэвэргэж, түрэгүүдийг довтлох болжээ. 745 онд Түрэгийн сүүлчийн Баймэй хааныг уйгурууд довтолж хөнөөгөөд төрийг нь мөхөөв. 742 онд нийт 5 мянга орчим өрх айл түрэгүүд зугтаж Тан улсад очиж Шаньси, Ордосоор гол төлөв нутаглаж байгаад аажмаар нэг хэсэг тэндээ уусч, шингэж нөгөө хэсэг нь бослого үймээн дэгдээсэн хэргээр устгагджээ. Маш цөөн хэд нь л Уйгур улсад буцаж нүүж ирж өндөр тэрэгтэн аймгууд дунд шингэжээ. VIII зууны үеийн Түвэдийн нэг сурвалжид Капаган хааны түрэгүүд бүгд зургаан мянган өрхтэй гэж тодорхой бичсэн байдаг.

Урлагийн бүтээл, эд өлгийн зүйлс

[засварлах | кодоор засварлах]
  1. G, Reza Karamian; Farrokh, Kaveh; Syvänne, Ilkka; Kubik, Adam; Czerwieniec-Ivasyk, Marta; Maksymiuk, Katarzyna. Crowns, hats, turbans and helmets The headgear in Iranian history volume I: Pre-Islamic Period Edited by Katarzyna Maksymiuk & Gholamreza Karamian Siedlce-Tehran 2017 (англи хэлээр). p. 1252.
  2. "National History Museum of Mongolia". 7 September 2019.